
Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл
“Шилмэл сүрэг” хөтөлбөр
Говийн Оюу хөгжлийг дэмжих санд 2017 оны 1 дүгээр улиралд “Говь Гурван сайхан” ямааны үүлдэр, “Галбын говийн улаан”, “Ханын хэцийн хүрэн” тэмээний үүлдэрийг сайжруулах, үүлдрийн үндсэн цөм сүргийг бий болгох “Шилмэл сүрэг” хөтөлбөрийн санал Өмнөговь аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газраас ирүүлсэн. Уг саналыг Харилцааны хороо болон Сангийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж санхүүжүүлэхээр баталсны дагуу сангийн ажлын алба хөтөлбөрийн санаачлагч, гүйцэтгэгчтэй санхүүжилтийн гэрээ байгуулаад байна.
Үүлдрийн малын онцлог, хэвшил, ашиг шимийн чанарыг хамгаалах, бататган сайжруулах, өсгөн үржүүлэх, сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч бэлтгэх, зах зээлд нийлүүлэх, зохион байгуулах Үржлийн ажлын “СТРАТЕГИ“ төлөвлөгөөгөөр хэрэгжүүлдэг.
Мал сүрэг хувийн өмчид шилжсэнээр үржил – селекцийн ажил сүүлийн 25 жилд нэгдсэн зохион байгуулалт, системгүй явагдаж ирснийг мэргэжлийн байгууллага зайлшгүй засах шаардлагатай, аймгийн ХХААГазартай салбарын Сайд, аймгийн Засаг даргын 2017 оны үр дүнгийн гэрээнд энэ ажил тусгагдсан.
Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан үүлдрийн мал сүргийг хамгаалах, ашиг шимийн чанарыг бататгах үндэс болсон энэ ажил олон жил орхигдож урсгалаар явагдаж ирснийг зөв гольдролд нь оруулах, шинэ түвшинд эхлүүлэх, “ГОВЬ ГУРВАН САЙХАН“ үүлдрийн сайжруулагч бэлтгэх цөм сүргийн суурь тавих, нэгдүгээр анги түүнээс дээш чанартай малыг илрүүлэн бүртгэлжүүлэх, удмын санд оруулах, шилмэл мал үржүүлж байгаа малчны суурийг гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлэхээр “ГОВИЙН ОЮУ“ хөгжлийг дэмжих санд хүсэлт гаргаснаар хөтөлбөрийн санхүүжилт батлагдаад байна.
Төслийн хүрээнд "ГОВЬ ГУРВАН САЙХАН“ ямааны үндсэн нутаг Булган, Сэврэйн 15,380 ямаанд хувьсын ангилалт, янз бүрийн насны 800 ямаанд ноолуурын гарц, 120-н дээжид ноолуурын нарийн, “Галбын говийн улаан“, “Ханын хэцийн хүрэн“ үүлдрийн 630 тэмээнд хувьсын ангилалт, янз бүрийн нас, хүйсний 200-н тэмээнд ноосны гарц тодорхойлох ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Хувьсын ангилалтаар тухайн үүлдрийн малыг бүрэн төлөөлөх чадамжтай тодорхой тооны мал сүргийн хавар, намрын амьдын жин, биеийн үндсэн хэмжээ, гарал үүсэл, нас, хүйс, галбир, үүлдэрлэг байдал, хэвшил, бие цогцсын онцлогийг тогтоон нэг ба түүнээс дээш анги чанартайг ээмэгжүүлэх, үржлийн бүртгэл хөтлөх, улсын бүртгэлийн санд оруулах ажлууд хийгдэнэ.
Улсын бүртгэлд мал сүрэг нь бүртгэгдсэн малчин айл өрхүүдэд үржлийн мал бэлтгэн нийлүүлэхийг зөвшөөрсөн Гэрчилгээ олгоно.
Хувьслын ангилалт судалгааны ажлыг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын Мал аж Ахуйн Албаны мэрэгжилтнүүд, үүлдрийн зохион бүтээгчид болох Ц.Батнасан, Т.Балдан, Н.Бийчээ, Малын удмын сангийн үндэсний төвийн Өмнөговь аймаг дахь менежер, Мал зүйч үржүүлэгчдийн холбооны Өмнөговь салбар, Булган, Сэврэй, Мандал-Овоо, Ханбогд сумдын МЭҮТасгийн ажилтнууд хамтын хүчээр гүйцэтгэж хавар, намар гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх ажлын хүрээнд бод, бог малын ээмэг, бахь, 100, 1000-н кг-ийн даацтай жин, ноос-ноолуурын гарц тодорхойлох, дээж авах уут, ангилалтын журнал, үржлийн малын бүртгэлийн дэвтэр, бод мал пүүлэх хашаа, бог малын зохиомол хээлтүүлгийн иж бүрэн багаж, палкаметр, лентметр авах ажлууд ямаа самнахаас өмнө хийгдэж бэлтгэл хангагдсан байна.
Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтнүүд тухайн үүлдрийн мал голлон үржүүлдэг малчин өрхүүд, малын нас, хүйсний судалгаа, өвөлжөө-хаваржааны байршил, явах зай, орон нутгаас ажиллах хүн хүч, ноолуур-ноосны гарц тодорхойлох, ноолуурын дээж авах малын тоо, нас, хүйсний байдлаар гаргаж малчидтай урьдчилан тохиролцож бэлэн байдлыг хангана.
Мал сүрэгт ангилалт хийх тусгай зөвшөөрөл, эрх аваагүй мэрэгжилтнүүд мэргэжлийн сургалтанд хамрагдаж “Ангилагч мал зүйч“ гэрчилгээ сертификаттай болж ангилалтыг явуулна.
Хувьсын ангилалт хийсэн “Говь гурван сайхан“ ямаан сүргийн дотроос нэг ба түүнээс дээш ангийн охин зусаг /шүдлэн эм ямаа/ 400, нас гүйцсэн шилмэл ухна 8-н толгойг худалдан авч тусд нь суурилан сайн малчинд түрээсээр маллуулан шилэн сонголтын аргаар үржүүлж тоо толгойг нь өсгөн цаашид сайн чанарын өсвөрийн хээлтүүлэгчийг бэлтгэх суурь нөхцлийг бүрдүүлнэ.
Хөтөлбөрт хамрагдах малын үүлдрүүдийн товч мэдээлэл
ГОВИЙН ЯМААНЫ ҮҮЛДЭР
“Говь гурван сайхан“ ямааг Булган сум дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн станцын захирал Д.Цэрэнсономын удирдлагаар бий болгон 1974 онд байгуулагдсан Улсын үржлийн фермд өсгөн үржүүлж бүс нутгийн хэмжээнд сайжруулагчаар ашиглаж ирсэн. Үүлдэрийг гаргахад Говийн бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцын ажилтнууд, сум нэгдлүүдийн мэргэжилтэн, удирдах ажилтан, малчдын удаан жилийн хамтын хөдөлмөр, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэжээ. Говь гурван сайхан үүлдрийн зохион бүтээгч, эрдэмтэн, мал зүйч Д.Цэрэнсоном говийн бүсийн монгол, эрлийз болон гадаадаас авч ирсэн үүлдрийн ямааг харьцуулан судалж, шинэ үүлдрийн мяаан арчилгаа маллагааны технологийг боловсрлуулж мөрдүүлэх, монголын ямааны аж ахуйд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ноолуур үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ.
Говь гурван сайхан ямааны үүлдэр
“Говь гурван сайхан” ямааны үүлдэр нь 1971 онд эх орны 2 дахь үүлдэр болон батлагдсан бөгөөд уг үүлдэрийн үндсэн цөм сүргийг Өмнөговь аймгийн Булган, Сэврэй сумдад үржүүлдэг.
Говь гурван сайхан үүлдрийн ямаа говийн бүсийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, дунд зэргийн биетэй, үндсэн зүс нь хар, харин ноолуур хялгасаа давж ургасан үед бор шарга, бор, сааралдуу болдог, эм ямаа дунд зэргийн эвэртэй, толгой харьцангүй хөнгөн, ялимгүй шонтгор хоншоортой, хүзүү богиновтор, дэлэн хөхний хөгжил сайтай, ухны эвэр, хүзүү, сээр, хавирганы яс хөгжилт сайтай, сэрвээ өндөр, товгох, цээж өргөх, бэлгийн хоёрдогч шинж тод илэрсэн, аль ч хүйсийн ямаа ноолууржилт сайтай, тухайлбал урд хөлний өвдөг, хойт хөлний борви, толгойн хэсэгт чихний ар хүртэл ноолууртай, хэвлийн хэсэгт богино боловч ноолуур, хялгас жигд ургасан байна. Энэ ямааны 80 гаруй хувь хар зүстэй, бараан цайвар саарал өнгийн ноолууртай.
"Говь гурван сайхан" үүлдрийн ямааг ижил төстэй бусад үүдэр, омогтой харьцуулахад биеийн өндрийн хувьд нутгийн шилмэл монгол ямаанаас дутуугүй боловч биеийн ташуу урт, цээжний гүн, бүслүүр, шилбэий бүслүүрийн хэмжээгээр ялимгүй дутуу, амьдын жингээр дунд зэрэг юм. Ашиг шим нь бусад төрлийн ямааны үүлдэртэй харьцуулахад ноолуурын чиглэлийн ашиг шим өндөртэй бөгөөд бүх сумдад үндсэн сайжруулагчаар ашиглаж ирсэн. Монгол ямаанаас ноолуурын гарцаар 2 дахин их, сүүгээр 32%, амьдын жингээр 13%, ихэрлэлтээр 6% давуу байдаг. Арьсны таваар технологийн чанар нутгийн ямааныхаас дутуугүй, түүгээр сайн чанарын шевро боловсруулж төрөл бүрийн савхин эдлэл хийдэг.
Энэ үүдрийн ямааг манай орны говь, өндөр уул, тал хээрийн бүсэд хамаарах Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумын нутгийн ямааны ноолуурын гарцыг нэмэдүүлэх зорилгоор үндсэн сайржуулагчаар эрчимтэй ашигласан.
ГОВИЙН ТЭМЭЭНИЙ ҮҮЛДЭР
"Галбын говийн улаан", "Ханын хэцийн хүрэн" хоёр үүлдрийн тэмээ нь ардын селекцийн аргаар үүссэн ба 1960 оны дундаас тэмээ судлаач доктор Б.Лувсан тэмээний үржлийн ферм байгуулан ашиг, шим, удам гарвалийг нарийн судлан бүртгэлжүүлэн, үржил селекцийн ажлыг сонгон явуулснаар 1990 онд "Монгол" үүлдрийн тэмээний 2 омог болгон батлуулсан. 2000 оноос хойш тэмээ судлаач, монгол улсын зөвлөх мал зүйч, доктор Т.Балдан 2 омгийн тэмээний генетикийн судалгааг нарийн явуулан Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 01 сарын 14-ний өдрийн А-06 дугаар тушаалаар "Галбын Говийн Улаан", А-07 тушаалаар "Ханын Хэцийн Хүрэн" тэмээдийг бие даасан ҮҮЛДЭР болгон баталж Т-03, Т-04 дүгээр гэрчилгээг олгосон.
Говь, цөл, цөлөрхөг бүс нутагт ургадаг бүх төрлийн ургамал Өмнөговь аймагт ургахаас гадна говийн бахархал болсон “Заг” мод уул, толгодын бэлүүдээр монголж, хазаар өвс, хялгана, таана, хөмөл гэх мэт төрөл бүрийн бут сөөг өвс ургадаг уулс, тал хээр хосолсон тэмээ бэлчээрлэхэд их тохиромжтой дэлхийд ховордож буй хоёр бөхт тэмээний эх өлгий нутаг юм. Өөрөөр хэлбэл зуны халуун үед уулын бэлүүдээр, өвөл хаварт гол, говиороо нутагладаг. Энэ нь тэмээ үржихэд их таатай нөхцөл болдог байна.
Галбын говийн улаан тэмээ
Мах-ноос хосолсон ашиг шимтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын говь, Манлай сум, Баян-Овоо сумдад үндсэн цөм сүрэг нь үржүүлэгддэг. Нийт тэмээний 60 %-д нь улаан, улаан хүрэн зүс зонхилсон байдаг. "Галбын говийн улаан" тэмээ нь галбирийн хувьд бусад жирийн тэмээтэй төстэй боловч өргөн тавиу цууж, хэвлий, матаас сайтай хавирга, урт уужим ташаа хондлой, бахим бүдүүн борви, богиновтор бадируун хөл мөчтэйгээрээ онцлог юм. үүнтэй уялдан Галбын говийн улаан тэмээний бие нь ерөнхийдөө лагс зузаан махлаг, чамбай биетэй байдаг учир тэрэг, уналга, ачлаганд илүү ашигладаг. Галбын Говийн Улаан тэмээг өөрийн аймгийн
бүх сумдын тэмээн сүрэгт сайжруулагчаар ашиглаж байгаагийн дээр Ховд, Баянхонгор, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгууд сайжруулагчаар авч ашигласан байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар Галбын говийн улаан үүлдрийн үндсэн цөм сүргийн тэмээ 11,608 толгой байгаа нь аймгийн нийт тэмээний 8,9%-ийг эзэлж байна.
Уг үүлдрийн тэмээг илрүүлэн баталгаажуулагч нь доктор Б.Лувсан, монгол улсын зөвлөх мал зүйч, доктор Т.Балдан, мал зүйч Д.Цэвээнжав, мал зүйч Ц.Хүүдүү нар юм.
Ханын хэцийн хүрэн тэмээ
Өмнөговь аймгийн Мандал овоо, Булган, Цогт-Овоо сумдад үржүүлж буй мах, ноосны хэвшил бүхий Ханын хэцийн хүрэн тэмээ нь Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын Ханын хэцийн уулс, Алгуу улаан цав, Онгын гол, Булган сумын Баянзаг зэрэг уудам их говь нутгийн хойд хэсгийн газар нутгаар голлон үржиж байна.
Ханын хэцийн хүрэн тэмээ ноос-махан ашиг шимтэй. "Ханын хэцийн хүрэн" тэмээний 80% нь хүрэн зүс зонхилсон байдаг. "Ханын хэцийн хүрэн" тэмээ нь ноосны чиглэлийн "Төхөм тунгалагийн хүрэн", "Галбын говийн улаан" тэмээний хоёулангийн шинжийг тэнцвэртэй агуулсан, уналга, хурданд тохирсон галбир сайтай, нягт банзандуу гоёмсог галбиртай, сүүн ашиг шимээр бусад тэмээнээс илүүтэй. Нутаг орны байгаль, цаг уурт сайтар зохицсон учраас тэсвэр хатуужлаар сайн байдаг. Ханын хэцийн хүрэн тэмээг өөрийн аймгийн бүх сумд сайжруулагчаар ашиглаж байгаагийн дээр Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай аймгууд сайжруулагчаар авч ашигласан байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар ХХХ үүлдрийн үндсэн цөм сүргийн тэмээ 10323 толгой байгаа нь аймгийн нийт тэмээний 7.9%-ийг эзэлж байна.
Уг үүлдрийн тэмээний илрүүлэн баталгаажуулагч нь доктор Б.Лувсан, монгол улсын зөвлөх мал зүйч, доктор Т.Балдан, доктор Н.Бийчээ нар юм.
Төслийн үр өгөөж
-
Булган, Сэврэй сумдын "Говь гурван сайхан" үүлдрийн ямааны цөм сүргийг өсгөн үржүүлдэг 120 өрхийн хээлтэгч, хээлтүүлэгч 15380 ямаанд хувьсын ангилалт, 800 ямаанд ноолуурын гарц, 120 дээжид микрон тодорхойлох ажил хийгдэнэ. Мандал-Овоо, Ханбогд сумдын 34 тэмээчин өрхийн 630 тэмээнд хувьсын ангилалт, 200 тэмээнд ноосны гарц тодорхойлох ажил хийгдэнэ.
-
Ангилалтад хамрагдсан малаас шилмэл болон нэгдүгээр ангийн малыг ээмэглэн үржлийн бүртгэл хөтөлж бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулна. Цөм сүргийн бүртгэлд мал сүрэг нь бүртгэгдсэн малчин айл өрхүүдэд үржлийн мал бэлтгэн нийлүүлэхийг зөвшөөрсөн Гэрчилгээ олгоно. Гэрчилгээтэй өрхүүд өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулах, борлуулах эрхтэй болно. Эрх бүхий өрхүүдээс өсвөр хээлтүүлэгч бойжуулан малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулан малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлнэ.
-
Ангилалтын ажлыг хийж шилмэл болон нэгдүгээр ангийн хээлтэгч 400, шилмэл хээлтүүлэгч 8-ийг сонгон авч орон нутгийн өмчит цөм сүргийг байгуулан өсвөр хээлтүүлэгч бойжуулан бүс нутгийг хангах боломжтой суурь байгуулагдана. Ингэснээр мэргэжлийн байгууллагыг зөвлөгөө, малчны захиалгын дагуу стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулан нийлүүлж малын чанар үүлдэрлэг байдал сайжрах, нэг малаас авах ашиг шим нэмэгдэх, малчдын орлого нэмэгдэх боломжтой болно.
-
Төслөөр хийгдэх судалгаа, хэмжилтийн ажлын дүгнэлтийг үндэслэн батлагдсан 3 үүлдрийн малын үржлийн "Стратеги төлөвлөгөө"-г боловсруулан Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар батлуулна. "Стратеги төлөвлөгөө" батлагдан цөм сүрэг бүхий өрхүүдийг гэрчилгээжүүлж үржлийн ажлыг төлөвлөгөөний дагуу явуулснаар нутгийн брэнд болсон 3 үүлдрийн малын үндсэн хэв шинжийг хамгаалах, тоо толгойг өсгөх, ашиг шимийн гарц, чанарыг хадгалах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, нэг стандарын дагуу түүхий эд бэлтгэх боломж бүрдэнэ.