БАЯН-ОВОО

 

 

2018 ОНД БАЯН-ОВОО СУМД ОЛГОСОН КВОТООР САНХҮҮЖҮҮЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР:


ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Сүүлийн жилүүдэд мал болон малын хороо, хашаа, бууцыг тогтмол ариутгаж халдваргүйжүүлэхгүй байгаагаас  малын халдварт өвчин элбэгшиж малын шимэгч хорхой, халдварт паразитууд ихээр үржих болсон. Иймд мал сүрэгтээ болон малын хороо бууцны ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх шаардлага зайлшгүй тулгараад байна.

Баян-Овоо сум нийт 147,595 толгой мал сүрэгтэй, эдгээр мал сүргийн 133,472 толгой нь тогтмол хариулга маллагаатай, бууц хороондоо амьдардаг бог мал байна. Эдгээр мал сүргийг сумын хэмжээнд 272 хороо бууцанд өвөлжүүлэн хаваржуулж байна. Хороо бууцыг болон хээрээр амьдардаг адуу, тэмээнээс бусад малыг халдваргүйжүүлэлтэнд хамруулснаар мал сүргээс гарах арьс, нэхий, түүхий эд болон ноос ноолуурын чанар нэмэгдэнэ. Баян-Овоо сум нь жилд дунджаар 17,000 орчим арьс нэхий, 94,000 тонн ноос ноолуур бэлтгэн зах зээлд нийлүүлж байна. Малын хороо хашаа, бууцыг ариутгаж халдваргүйжүүлснээр дээрх хэмжээний ноос ноолуур, арьс ширийг чанартай бэлтгэж малчдын орлогын эх үүсвэр баталгаажих боломж бүрдэнэ.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Баян-Овоо сумын нутаг дэвсгэр дээрх малчдын 272 хороо, бууцыг ариутгах.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Сумын 225 малчин болон мал бүхий өрхийн өвөлжөө, хаваржааны хөрзөнг хуулж, халдваргүйжүүлэх.

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Сумын нийт малыг ариутгаж, халдварт өвчин болон элдэв шимэгч амьтдаас цэвэрлэснээр малын тарга тэвээрэг нэмэгдэж ашиг шим нь нэмэгдэнэ.
  • Хороо бууцны хөрзөнг хуулж ариутган, бууцан дахь шимэгчдийн авгалдай, өндөг зэргийг устгаснаар мал ахин шимэгчээр өвдөхгүй болно.
  • Малын ашиг шим сайжирснаар малчдын орлого нэмэгдэнэ.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Баян-Овоо сумын квотын санхүүжилтээр төсөл хөтөлбөр эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүд хуралдан сумын иргэдээс ирсэн хөтөлбөрийн саналуудыг хэлэлцэн “Эрүүл мал-Эрүүл хүнс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсны дагуу санхүүжилтийг олгон хэрэгжүүлж эхлэв.
  • Хөтөлбөрийн гүйцэтгэгч “Түмэн сухайт” хоршоо нь Баян-Овоо суманд мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг “Шурхан залаа” хоршоо, “Өрнөх говь” нөхөрлөлтэй хамтран сумын 3 багийн нутаг дэвсгэр дээрх 225 малчин өрхийн 272 хашаа, хороог ариутгаж шимэгч хорхойн өндөг, авгалдайг устгасан.

 

 

 

НОГООН ТӨГӨЛ ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Баян-Овоо сумын тариаланч иргэд тариалсан ногоогоо тээвэрлэн нийлүүлэх, борлуулах үед зориулалтын машингүйгээс хүнсний ногоо амархан муудах, чанарын шаардлага хангахгүй болох зэргээр алдагдал их хүлээдэг нь тариаланч иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж, эдийн засгийн хувьд хохирол учруулж байна. Тиймээс зориулалтын хөргүүртэй чингэлэг бүхий автомшинтай болсноор тариаланч иргэд тариалсан ногоогоо шинээр нь борлуулах боломжтой болох юм. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор сумын тэтгэврийн насны иргэдийг тариалан эрхлэх боломжоор хангах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор зуны тариалалтын хүлэмж нийлүүлэх хэрэгцээ шаардлага байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Тариалан эрхлэх сонирхолтой болон тэтгэврийн насны иргэдийг ажлын байраар хангах, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
  • Сумын иргэдийг сумандаа тариалсан хүнсний ногоогоор хангах.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Зориулалтын хөргүүртэй чингэлэгтэй автомашин худалдан авах
  • Зуны хүлэмж авах

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Тариаланчдад зориулалтын тээвэрлэлтийн унаа, хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэн шийдсэнээр сумын төвд байнга оршин суудаг тэтгэвэрийн насны, хөдөлмөрийн чадвартай, газар тариалан эрхлэн орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой иргэдийг ажлын байраар хангах боломжтой болно.
  • Сумын хүнсний ногооны хэрэгцээний 20-30%-ийг хангах боломжтой болно.
  • Нарийн ногоогоор сумын иргэдийг хангана.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Бонго 3 загварын хөргүүртэй автомашин авсан.
  • Шинээр 2 ажлын байр бий болсон.

 

 

 

ТАВАН ЭРДЭНЭ ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Мал сүргийн тоо жилээс жилд өсөж байгаа энэ үед төрөл бүрийн малын халдварт өвчин их гарах болсон. Иймд малыг эрүүлжүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийхийн тулд мал эмнэлэгт хөдөө авч явахад тохиромжтой, ачиж буулгахад хялбар, хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн зөөврийн хашаа чухал хэрэгтэй байгаа билээ. Суурин хашаа руу малаа тууж тарилга туулгаа хийдэг байсан бол ийнхүү зөөврийн хашаатай болсноор малчдын төвлөрөл үүссэн газарт угсарч, бага зардлаар бүтээмж өндөртэй ажиллах боломж бүрдээд байна. Мөн мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, мал угаалга, вакцинжуулалт хийхэд тэнд байгаа ажилчид зориулалтын тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэнэ.  

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Мал ариутгалын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зөөврийн хашаа, чингэлгээр хангах.
  • Мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх,

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Баян-Овоо сумын 3 баг тус бүрийг мал ариутгалын зөөврийн хашаагаар хангана.
  • Мал ариутгалын үеэр малчны хотонд очиж ариутгалын үйлчилгээ үзүүлж буй ажилчдын байрлах чингэлэг хийнэ,

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

Баян-Овоо сумын малчин 328 өрхийн мал бүхий 105 өрхийн нийт 147 мянган мал сүргийг эрүүлжүүлж, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, мал эмнэлгийн үзлэг оношилгоог сайн хийснээр гаднын эх үүсвэрээс орж ирж байгаа мах, сүү, малын түүхий эдийн хэрэглээг 20-30 хувиар багасгах, малын түүхий эдийг үнэд хүргэх, өвчлөл гарсан тохиолдолд малчдад мал эмнэлэг өөрийн унаагаар явуулын үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн малчид эрүүл хүнс, эрүүл малын гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж бүрдэж малчдын орлого нэмэгдэнэ.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

2.5х5м харьцаатай явуулын чингэлэг 1 ш, 1 метр өндөр 50 метр урт 3 ширхэг хашааг хийж мал эмнэлгийн үржлийн тасагт хүлээлгэн өгсөн.

 

 

 

ЦЭВЭР АГААР-ЭРҮҮЛ МЭНД ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Цэцэрлэг сургуулийн сурагчид болон залуучууд чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх цэвэр тохилог орчин тус суманд шаардлагатай байна. Иймд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болох тохилог талбай нэн шаардлагатай байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Хүүхэд залуучууд нь эрүүл тохилог орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлснээр эрүүл зөв боловсон хүн болон төлөвших нөхцөл бүрдэнэ

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сумын биеийн тамирын талбайд 4 сүүдрэвч байрлуулна.

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

Сумын хүүхэд залуучууд цэвэр агаарт тэмцээн уралдаан зохион байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлснээр зөв боловсон иргэн болон төлөвшихөд, цаашид эрүүл мэндэд нь тус нэмэр болно.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

Баян-Овоо сумын хүүхдийн талбайд 3х5 метрийн хэмжээтэй 4 ширхэг сүүдрэвчийг суурилуулсан.