САНХҮҮЖҮҮЛТИЙН УДИРДАМЖ

“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ИЙН

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР САНХҮҮЖҮҮЛЭХ САНХҮҮЖИЛТИЙН УДИРДАМЖ

 

Нэг. Оршил

2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээг “Оюу Толгой” ХХК, Өмнөговь аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд болон бусад Түншлэгч сумдын хооронд  байгуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээний дагуу бие даасан хуулийн этгээд болох “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан” (“Говийн Оюу ХДС” буюу “ХДС”)-г байгуулж, Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн газарт  бүртгүүлсэн бөгөөд энэхүү сан нь “Говийн Оюу ХДС”-гийн Дүрмийн дагуу үйл ажиллагаагаа  явуулна.

“Говийн Оюу ХДС” нь Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдад хэрэгжих нийгмийн дэд бүтэц болон өргөн хүрээний эдийн засгийн оролцоог хангахад чиглэсэн Төсөл, Хөтөлбөрүүдийг дэмжиж, Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдын сайн сайхан байдал болон чадавхыг дээшлүүлэхийг эрмэлзэнэ.  

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

Дор дурдсанаас бусад тохиолдолд энэхүү Санхүүжилтийн удирдамж (“Удирдамж”) дахь үг, хэллэгүүд нь Хамтын ажиллагааны гэрээнд тодорхойлсонтой адил утгатай байна.

 

ХДС гэж Хамтын ажиллагааны гэрээний 8 дугаар зүйлийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болох “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан”-г хэлнэ.

ХДС-гийн Удирдах зөвлөл гэж Хамтын ажиллагааны гэрээний Хавсралт 3-ын 2 дахь хэсэгт заасны дагуу бүрдсэн удирдах зөвлөлийг хэлнэ.

ХДС-д ирүүлсэн санал гэж ХДС-д ирүүлсэн Төсөл эсхүл Хөтөлбөрийн саналыг ойлгоно.

Санхүүгийн дэмжлэг гэснийг Хамтын ажиллагааны гэрээний 8.3 дахь хэсэгт заасан утгаар ойлгоно.

Итгэмжлэгдсэн зөвлөх гэж Хамтын ажиллагааны гэрээний Хавсралт 3-ын 3.4-т заасны дагуу томилогдсон этгээдийг ойлгоно.

Гүйцэтгэх захирал гэж тухай бүр “Говийн Оюу ХДС”-гийн гүйцэтгэх захирлаар томилогдсон этгээдийг хэлнэ.

Харилцааны хороо гэж Хамтын ажиллагааны гэрээний 4 дүгээр зүйлийн дагуу үүсгэн байгуулагдсан хороо бөгөөд “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөгчид, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын төлөөлөгчдөөс (Орон нутгийн төлөөлөгчид) бүрдэнэ. Хороо нь Хамтын ажиллагааны гэрээний Хавсралт 2-т заасан зарчим болон тухай бүр Төлөөлөгчдөөс баталсан бодлого, удирдамжийн дагуу дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Харилцааны хорооны нарийн бичгийн дарга гэж Хамтын ажиллагааны гэрээний Хавсралт 2-ын 6 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон этгээдийг хэлнэ.

Түншлэгч сумд гэж Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай болон Даланзадгад сумдыг ойлгоно.

Зорилтот сумд гэж Өмнөговь аймгийн Цогтцэций, Баяндалай, Булган, Номгон, Сэврэй, Цогт-Овоо, Мандал-Овоо, Хүрмэн, Ноён, Ханхонгор, Гурвантэс сумдыг ойлгоно.

Төсөл гэж тухай бүр ХДС-гийн Удирдах зөвлөлөөс баталсан бодлого, журамд заасны дагуу ХДС-аас санхүүжүүлэхийг дэмжиж баталсан Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдад үр өгөөж бий болгох буюу тэдгээрийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор баригдсан аливаа биет зүйл, барилга, байгууламжийг ойлгоно.

Хөтөлбөр гэж тухай бүр ХДС-гийн Удирдах зөвлөлөөс баталсан бодлого, журамд заасны дагуу ХДС-аас санхүүжүүлэхээр баталсан Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдыг хөгжүүлэх буюу түүний нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг ойлгоно.

Сэдэвчилсэн хавсралт гэснийг Хамтын ажиллагааны гэрээний Хавсралт 4-10-г ойлгоно.

Гурав. Санхүүжилтийн удирдамжийн зорилго

Энэхүү Удирдамж нь санхүүжилтийн зарчим, тэргүүлэх чиглэлүүд, хуваарилалт, эрх бүхий өргөдөл гаргагч зэрэг санхүүжилтийн шалгуурт хэрэглэгдэх үндсэн зарчмуудыг тогтооно.

ХДС-гийн Удирдах Зөвлөл шаардлагатай эсвэл тохиромжтой гэж үзвэл эдгээр зарчмуудыг тухай бүр шинэчилж болно. Ийнхүү шинэчлэхдээ ХДС-гийн Удирдах зөвлөл нь энэхүү удирдамжид заасан зарчмуудын дэлгэрэнгүй тайлбарыг оруулах ба тэдгээр зарчмуудад нийцсэн, санхүүжилтийн дэмжлэг авах бололцоотой төслийн төрөл, шинж чанаруудыг тодорхойлж болно. Тэдгээр дэлгэрэнгүй тайлбаруудыг Удирдамжид Хавсралтаар оруулж болно.

Санхүүжилтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, санхүүжилтээр хэрэгжиж буй Төсөл, Хөтөлбөрийн явц зэргийг мэдээлэл, бизнесийн үйл ажиллагааны нууцлал,  Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу Толгой” ХХК-аас хүлээж авсан санхүүжилтийн хэмжээ зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр “Говийн Оюу ХДС”-гийн Удирдах зөвлөлөөс зөвшөөрөгдсөн хэлбэрээр олон нийтэд ил болгоно.

“Говийн Оюу ХДС” нь үйл ажиллагааны зардлаа өөрөө хариуцах бөгөөд Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу Толгой ХХК”-иас хүлээж авсан санхүүжилт эсвэл “Говийн Оюу ХДС”-гийн олсон бусад орлогоос төлнө.

Дөрөв. Санхүүжилтийн тэргүүлэх чиглэлүүд ба хуваарилалтын зарчим

4.1. Тэргүүлэх чиглэлийн Төсөл, Хөтөлбөр болон Санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилах

Хамтын ажиллагааны гэрээний Сэдэвчилсэн хавсралтын заалтуудтай уялдсан дараах Төсөл, хөтөлбөрүүдийг Санхүүжилтийн  дэмжлэгээс санхүүжүүлнэ. Төсөл, Хөтөлбөрүүдийн гол салбаруудыг дор тодорхойлов. ХДС-гийн Удирдах Зөвлөл болон Харилцааны хороо нь ХДС-д ирүүлсэн саналыг хянаж, холбогдох шийдвэрийг гаргахдаа дараах хуваарилалтын зарчмыг баримтална.

а. Нийгмийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүд – 48 хүртэл хувь

b. Тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд – 40 хүртэл хувь

c. “Хойч үеийн төлөө сан”– 6 хувь

  • Бичил зээлийн хөтөлбөр
  • Оюутны тэтгэлэг/дэмжлэг
  • Хадгаламж

d. Өмнөговь аймагт үзүүлэх хандив, тусламж – 1 хувь

e. ”Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааны зардал - жилийн төсөв нь тухайн жилийн нийт санхүүжилтийн дэмжлэгийн 5% (таван хувь) хүртэл байна. Удирдах зөвлөл нь үйл ажиллагааны зардал - жилийн төсвийг ХДС-гийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тухайн жилд гүйцэтгэх ажлын цар хүрээтэй уялдуулан баталж, удирдлагаар хангана. 

Дээрх хуваарилалт нь зөвхөн чиглэл өгөх зарчмууд юм. ХДС-гийн Удирдах зөвлөл нь Хамтын ажиллагааны гэрээ болон Сэдэвчилсэн хавсралтуудын (тухай бүр өөрчлөгдөж болох) зарчмууд, ХДС-гийн зорилгод үндэслэн эрэмбэлэгдсэн Төсөл, Хөтөлбөрүүд болон тэдгээрийн санхүүжилтийн хуваарилалтын зарчимд тухай бүр нэмэлт, өөрчлөлтийг оруулж болно.

4.2. Тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн тодорхойлолт

1.           Нийгмийн дэд бүтцийн төслүүд

Эдгээр төслүүд нь Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдын амьдралын түвшин, сайн сайхан байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах нийтийн ашиглалтын дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг барьж байгуулах, суурилуулах биет төслүүд болно. Сайн засаглалын эерэг үзүүлэлттэй, нийгмийн дэд бүтцийн олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай, зардлын үр ашигтай  удирдлага бүхий байгууллага, аж ахуйн нэгж, төрийн байгууллагаас гаргах төслийн саналд тэргүүлэх ач холбогдол өгнө. Энэхүү удирдамжийн Хавсралт 3-т онцгойлон авч үзэх нийгмийн дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн жишээ, тайлбарыг дэлгэрэнгүй оруулна (Хамтын ажиллагааны гэрээний сэдэвчилсэн хавсралтын дагуу ангилсан бусад онцгойлон авч үзэх төсөл хөтөлбөрүүдийн хамт).

2.           Тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд

Тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүд нь иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн бүлгүүд болон төрийн байгууллагуудаас санаачилж, боловсруулж, удирдан хэрэгжүүлэх биет бус хөтөлбөрүүд юм. Тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэг удаа эсхүл үргэлжилсэн байдлаар хэд хэдэн удаа олгож болно.

Тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд олгох жилийн нийт санхүүжилтийн тодорхой хэсгийг Түншлэгч болон Зорилтот сумдад квот тогтоон хуваарилах замаар сумдын удирдлага, иргэдийн оролцоонд тулгуурлан тэдгээр сумдын болон Өмнөговь аймгийн нийгмийн эмзэг бүлэг болон гишүүдийг, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, тусгай дэмжлэг шаардлагатай хүмүүсийн амьдрал ахуй, биеийн эрүүл мэнд болон эдийн засгийн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах, хуваарилахыг эрмэлзэнэ.

Тухайн жилд Түншлэгч болон Зорилтот сумдад дээрх зорилгоор хуваарилах хуанлийн 1 жилийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дараах байдлаар тогтооно:

  • Ханбогд суманд 85000 ам.доллартой тэнцэх төгрөг
  • Манлай, Баян-овоо, Даланзадгад сумдад тус бүрд 65000 ам.доллартой тэнцэх төгрөг
  • Цогтцэций, Баяндалай, Булган, Номгон, Сэврэй, Цогт-Овоо, Мандал-Овоо, Хүрмэн, Ноён, Ханхонгор, Гурвантэс сумдад тус бүрд 45000 ам.доллартой тэнцэх төгрөг

3.           “Хойч үеийн төлөө сан”

“Говийн Оюу ХДС” нь жилийн нийт Санхүүжилтийн 6 хувийг хойч үедээ зориулан хуваарилна (“Хойч үеийн төлөө сан”). Энэхүү сан нь “эргэлтийн сан”-гийн хэлбэртэй байх бөгөөд энэ сангаас  жижиг, дунд үйлдвэрүүд бизнесийн гараагаа эхлүүлэх болон бизнесээ өргөжүүлэхэд хөрөнгө оруулах зорилгоор зээл авч болно. Түүнчлэн тус сангаас Өмнөговь аймгийн оюутнуудад тэтгэлэг олгоно.

Хойч үеийн төлөө санг банк гэх мэт санхүүгийн байгууллага удирдаж, Өмнөговь аймгийн иргэдэд зориулсан бичил санхүүгийн хөтөлбөрүүдийг дэмжинэ. Хойч үеийн төлөө санг бий болгож, удирдах банкны байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй бизнесийн байгууллага байх бөгөөд “Говийн Оюу ХДС” болон Монгол Банкнаас тавьсан шалгуурыг хангасан байх шаардлагатай. “Говийн Оюу ХДС” нь тухайн банк, банк санхүүгийн байгууллагыг санхүүжилт авах эрх бүхий өргөдөл гаргагч, олгох мөнгөний хэмжээ болон “Хойч үеийн төлөө сан”-гийн зорилт, зориулалт болон үйл ажиллагааны нөхцөлийн талаарх удирдамж, журмаар (тухай бүр нэмэлт өөрчлөлт орж, өөрчлөгдөж болох) хангана.

Түүнчлэн тухайн банкны байгууллага нь “Хойч үеийн төлөө сан”-гийн нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, тогтвортой үйл ажиллагаа, зардлын үр ашигтай  байдлыг бэхжүүлэх нэмэлт болон өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох, “Хойч үеийн төлөө сан”-гийн удирдлага, тус сангаас дор хаяж 10 жилийн хугацаатайгаар зээл авах, зээл олгохтой холбоотой эрсдэлийг удирдах болон бууруулахад чиглэсэн хүчин төгөлдөр, заавал хэрэгжих боломжтой баталгаа гаргах болон/эсхүл эрсдэлийн сан байгуулах (эсхүл адилтгах арга хэмжээ авах) чадвартай байна. “Говийн Оюу ХДС” нь “Хойч үеийн төлөө сан”-гийн талаар банк, санхүүгийн байгууллагатай шаардлагатай гэрээ хэлцлийг байгуулна.

4.           Өмнөговь аймагт үзүүлэх хандив, тусламж

Хандив болон тусламжийг зорилтот хүлээн авагч нарт үзүүлж болох бөгөөд үүнд спорт, соёлын үйл ажиллагаа, хурал болон тэмцээн уралдааныг дэмжих санхүүжилт орж болно.

5.           Жилийн үйл ажиллагааны зардал

Жилийн үйл ажиллагааны зардалд “Говийн Оюу ХДС"-гийн үйл ажиллагаатай холбоотой Хамтын ажиллагааны гэрээг зөв зохистой ил тод хэрэгжүүлэхэд шаардагдах удирдлага, зохион байгуулалт, ажилтантай холбоотой зардлууд багтана.

6.            Санхүүжилтийн бусад эх үүсвэр

ХДС-гийн Удирдах Зөвлөлөөс баталсан Санхүүжилтийн эх үүсвэрээс гадна бусад ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч нараас олгосон санхүүгийн дэмжлэг эсхүл хувь тэнцүүлэн олгосон санхүүжилт, мөнгөн бус хандивыг Төсөл, Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглаж болно. Нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг ихэсгэх, зардлаа хуваах зорилгоор “Говийн Оюу ХДС” нь орон нутгийн удирдлага гэх мэт талуудтай ажиллан, тэдгээр талууд хувь тэнцүүлэн, эсхүл их хэмжээний дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, онцгойлон авч үзнэ. ХДС-гийн Удирдах зөвлөл нь төсөл, хөтөлбөр хамтран санхүүжүүлэх талыг сонгохдоо энэхүү удирдамжид заасан бусад холбогдолтой заалт болон хамтран санхүүжүүлэгчийн  төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх чадвар, сонирхлыг харгалзан үзэж сонгоно.

    7.       Ханбогд сумыг тусгайлан дэмжих

Ханбогд сум нь Оюу толгой төсөл болон түүний нөлөөлөлд (бодит болон болзошгүй) хамгийн ойр орших орон нутаг бөгөөд ХДС-д ирүүлсэн саналыг шалгаруулах, санал болгох, шийдвэрлэхдээ энэхүү Удирдамжид заасан бусад шалгуураас гадна Ханбогд сум болон түүний хүн амын нийгмийн дэд бүтэц, амьжиргаа, сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн Төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжид тавина. Иймд “Говийн Оюу ХДС” жил тутам Ханбогд суманд үр өгөөжөө шууд өгөх, Ханбогд суманд хэрэгжих дор хаяж нэг дэд бүтцийн Төсөлд санхүүжилт олгохыг зорино.

Тав. Зорилтот бүлэг болон хүлээн авагч

Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдад бүртгэлтэй бөгөөд оршин сууж буй аливаа хувь хүн нь “Говийн Оюу ХДС”-аас дэмжих Төсөл, хөтөлбөрүүдийн зорилтот хүлээн авагч болно. Үүнд ялангуяа:

  • Хүүхэд, залуучууд
  • Малчид
  • Эмзэг бүлгийн хүн ам
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Эмэгтэйчүүдийг нэн тэргүүнд харгалзан үзэх хүлээн авагчид гэж үзнэ.

Зургаа. Санхүүжилт олгох шалгуур

“Говийн Оюу ХДС”-гийн санхүүжилтээр хэрэгжих Төсөл, Хөтөлбөр нь Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдын нийгмийн сайн сайхан байдал болон өргөн хүрээний нийгэм, эдийн засгийн оролцоонд үр өгөөжөө өгөхөд чиглэсэн Төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдад тогтвортой чадавх бий болгох “Говийн Оюу ХДС”-гийн эрхэм зорилт, стратегийг хөхиүлэн дэмжихэд нөлөө үзүүлэх ёстой. Иймд Төсөл, Хөтөлбөрийг сонгоход дараах шалгууруудыг харгалзан үзнэ. Үүнд:

  • Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдад хэрэгжүүлэх
  • Тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн чиглэлүүдтэй уялдсан байх
  • Орон нутгийн иргэдийн амьжиргаанд шууд эерэг нөлөөлөл үзүүлж, тогтвортой үр өгөөж авчрах
  • Гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдээр хэмжиж, аудит хийж болохуйц тодорхой үр дүн гаргах
  • Санал болгож буй төслийг хэрэгжүүлэх тодорхой хуваарьтай (гүйцэтгэлийн хүрэх түвшин  болон цаг хугацааны хуваарийг  тодорхойлсон) байх
  • Зорилтот бүлэг эсвэл орон нутгийн иргэд, гишүүдийг оролцуулж, тэдний хэрэгцээ шаардлагад үндэслэсэн байх
  • Тодорхой, ил тод худалдан авалтын бодлого, журмуудтай байх
  • Нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд дээр эрсдэлийн үнэлгээ хийх ба эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, нийгэмд учирч болох эрсдэлүүдийг багасгах үнэлэлт хийх, авах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байх. Уг арга хэмжээ нь Монгол Улсын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчинтой холбоотой хууль тогтоомж болон “Оюу Толгой” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байх
  • Эрх бүхий өргөдөл гаргагч болон Төсөл, Хөтөлбөрийн гэрээт гүйцэтгэгчид нь бизнесийн үйл ажиллагаагаа шударгаар, аливаа авлига, хээл хахууль (бодит болон боломжит)-аас ангид, аливаа улс төрийн бүлэг эсвэл байгууллагын ашиг сонирхол, хөтөлбөрийг дэмжиж, туслахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүндтэй гэдгээ харуулсан байх
  • Эрх бүхий өргөдөл гаргагч нь төсөл, хөтөлбөрийн тогтвортой байдал болон үр ашигтай байдлыг (төсөв, зардал, харилцагчид, ажиллах хүч болон үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бусад эх үүсвэр, төсөл, хөтөлбөрийн үр ашгийг амжилттай хүртэх болон ялангуяа  дэд бүтцийн төслүүдтэй холбоотойгоор хууль тогтоомжийн шаардлагыг хангах үүднээс байнгын хяналт тавих) харуулсан байх
  • Төсөл, хөтөлбөрийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөд саад болох аливаа өр, санхүүгийн зөрчил, нэхэмжлэл эсвэл алдагдалгүй (бодит болон болзошгүй) байх. “Говийн Оюу ХДС” нь итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэсэн Эрх бүхий өргөдөл гаргагч болон Төсөл, Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэрээт гүйцэтгэгчээс санхүүгийн тайлан болон ХДС-гийн санхүүжилтийг зөвхөн батлагдсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах, өөр зорилгод ашиглахаас хамгаалах арга хэмжээ авахыг шаардах эрхтэй.

Дээр дурдсан болон бусад шалгууруудад нийцсэн эсэх ба ХДС-гийн саналын тогтвортой байдлыг үнэлэх зорилгоор “Говийн Оюу ХДС” (Гүйцэтгэх захирал эсвэл Удирдах зөвлөл) нь төслийн санал батлагдах түвшинд хүрэхээс өмнө инженер, санхүү, хуулийн болон бусад хяналт хийлгэх болно.

Долоо. ХДС-гийн санхүүжилтийг түдгэлзүүлэх, зогсоох

“Говийн Оюу ХДС” нь дараах тохиолдлуудад ХДС-гийн санхүүжилтийг түдгэлзүүлэх эсвэл зогсоох эрхтэй:

Төсөл, хөтөлбөрийн үйл явцад ахиц гараагүй, хэрэгжүүлэх хуваариас их хэмжээгээр зөрсөн, гүйцэтгэл, хэрэгжилтийн төлөвлөгөөг биелүүлээгүй, үйл ажиллагааны үр дүн нь аюултай, бүрэн бус, стандартад нийцээгүй үр дүнд хүрсэн ба эрх бүхий өргөдөл гаргагч болон төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэгч нь аливаа авлигын үйл ажиллагаа, үйлдэлд ямар нэгэн байдлаар холбогдсон.

Найм. “Говийн Оюу ХДС”-аас Хүлээн авахгүй өргөдөл

“Говийн Оюу ХДС” нь дараах өргөдлийг хүлээн авч, судлан үзэхгүй:

  • Шашны эсвэл улс төрийн байгууллагыг дэмжих зорилготой
  • Өмнөговиос гадна хэрэгжих төсөл, хөтөлбөр
  • Байгууллагын үйл ажиллагааны зардлыг хариуцах
  • Хувь хүний аялал, эмчилгээний болон уралдаан тэмцээнд оролцох зардал
  • Энэхүү санхүүжилт олгох журмаас ангид урьдчилан эхлүүлсэн төсөл
  • Алдагдлаа нөхөх болон яаралтай санхүүжүүлэх төсөл
  • Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын санаачилсан төсөл, хөтөлбөр.

 

Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн Санхүүжилтийн удирдамжтай БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД дарж танилцана уу.

Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах тухай протоколтой энд дарж танилцана уу.