ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

Хамтын ажиллагааны гэрээ

 

Оюу толгой ХХК, Өмнөговь аймаг (ӨГ), болон тус аймгийн ОТ төслийн түншлэгч сумдын (Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сум) байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ (ХАГ) нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гэрээ байгуулагч талууд тэгш байдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан, бүх талууд нь хамтран хэрэгжүүлэхээр зөвшөөрсөн эрх зүйн баримт бичиг юм.

Тус ХАГ-г талууд удаан хугацаанд харилцан зөвшилцөж, хэлэлцэж боловсруулсан бөгөөд 2015 оны 4 сарын 22 ны өдөр гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон.  Уг гэрээ нь ОТ төслийн ашиглалтын лиценц дуусах хугацаа буюу 2033 он хүртэл хүчинтэй бөгөөд цаашид сунгах бололцоотой.  Мөн хамтран ажиллах агуулга нь тогтвортой хөгжлийн 7 чиглэлээр тодорхойлогдсон, гэрээг хэрэгжүүлэх бүтцийг нарийвчлан гаргасан, санхүүжилтийн механизм, ил тод байх, тайлагнах зарчмыг баталгаажуулсан гэрээ болсон юм.

Хамтын ажиллагааны гэрээ нь олон нийтэд нээлттэй бөгөөд та бүхэн доорх холбоосоор гэрээтэй бүрэн эхээр танилцах боломжтой.

      

    

 

Хамтын ажиллагааны гэрээний тухай товч танилцуулга

 

Уг гэрээг байгуулах шаардлага, нөхцөл, үйл явц, гэрээний агуулга, гэрээг хэрэгжүүлэх механизм, нээлттэй ил тод байдлыг хэрхэн хангахаар тусгасан талаар товч танилцуулж байна.

 

Хамтын ажиллагааны гэрээ байгуулах үндсэн шаардлагууд

 

ХАГ байгуулах дараах нөхцлүүд байсан. Үүнд:

 

- Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага

 

Ашигт малтмалын тухай хууль (42 зүйлийн 42.1 дэх хэсэг)
Хөрөнгө оруулалтын гэрээ
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)-нд тусгагдсан үүрэг амлалтууд
Бусад гэрээ: Бүсийн хөгжилд хувь нэмэр оруулах хамтын үүрэг амлалтууд

 

- Бүтэц, удирдлага

 

Урт хугацааны харилцан үр ашиг бүхий хамтын ажиллагаанд хүрэх нэгдмэл зорилго, алсын хараа
Ерөнхий гэрээ ба сэдэвчилсэн хавсралтууд
Үүрэг хариуцлага нь тодорхой, ойлгомжтой
Олон нийтэд нээлттэй, ил тод

 

- Санхүүгийн механизм

 

Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд жил бүр оруулах санхүүжилт
Орон нутгийн хөгжлийг дэмжих сан байгуулах
Санхүүжилтийн бүрдэлт нь шууд ардчиллын зарчим, ОТ-н орон нутгийн стандартад нийцнэ
Дотоод болон хөндлөнгийн аудит, хяналт

 

- Үр өгөөж – Орон нутагт

 

ӨГ аймгийн Ханбогд, Даланзадгад, Баян-Овоо, Манлай болон бусад  сумдын тогтвортой хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулах чиглэлээр компаниас олгож буй баталгаажсан боломж
Тогтвортой хөгжлийг хангах санхүүгийн нэмэлт эх үүсвэр
Ил тод, орон нутгийн шууд оролцоотой гэрээний хэрэгжилт

 

- Үр өгөөж – Оюу Толгой ХХК-д

 

ОТ-н нийгмийн лиценз буюу дэмжлэгээ авахад чухал ач холбогдолтой
Үйл ажиллагаагаа тогтвортой явуулах таатай орчин
Харилцан тохиролцсон үүрэг амлалтууд
Тогтвортой зохион байгуулалт бүхий  олон талын итгэлд суурилсан  сайн хөршийн харилцаа

 

- Тогтвортой хөгжлийн бодлогын орчин

 

МУ-ын ЗГ-ын тогтвортой хөгжлийн үндсэн чиглэлтэй  нийцүүлэх
Аймаг, сумын стратеги хөгжлийн төлөвлөгөөтөй уялдуулах
Иргэдийн идэвхи санаачлага, хүсэл эрмэлзлэл дээр тулгуурлах
Компанийн нийгмийн хариуцлага

 

Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан үйл явц

 

ХАГ байгуулах үйл явц  4 жил үргэжилсэн бөгөөд энэ хугацаанд талууд харилцан хэлэлцэж, зөвшилцөх замаар хамтран ажиллах  олон шинэ сорилтуудын гарцыг олж гэрээг боловсруулсан.

2011 онын 4 сард ХАГ байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг (ХОСБ) –т талууд гарын үсэг зурснаар гэрээ байгуулах албан ёсоор эхэлсэн байна.

- 2012 оны 9 сард Үйл явцын гэрээг зурсан бөгөөд энэ нь гэрээний талуудад шаардлагатай техникийн туслалцааг тодорхой болгосон юм.

- 2013 оны 1 сараас талууд гэрээний агуулга буюу сэдэвчилсэн хавсралтуудыг боловсруулах ажлыг эхлүүлсэн.

- 2014 онд ХАГ-ний төсөл буюу гэрээний ерөнхий нөхцлүүдийг боловсруулж эхэлсэн.

- 2015 оны 4 сарын 22-нд талууд гэрээнд гарын үсэг зурсан.

 

Гэрээ байгуулахад тулгарсан сорилтууд ба гарцууд

 

- Уул уурхайн компани, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, нутгийн захиргааны байгууллагатай өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулах үйл явц шинэлэг сорилт байсан. Талууд орон нутагт олон хэлэлцүүлэг өрнүүлэх, оролцогчдын саналыг авах зэргээр орон нутгийн иргэдийн оролцоог хангах, олон улсын болоод бусад туршлага судлах зэргээр уг сорилтыг давсан.

- ХАГ бол эрх зүйн баримт бичиг юм. Талууд гэрээний төслийг харилцан ашигтай, ил тод байх нөхцлийг хангасан эрх зүйн баримт бичиг боловсруулсан.

- Гэрээг хэрэгжүүлэх тогтвортой бүтцийг бий болгох нь хамгийн чухал сорилт байсан. Талууд бие даасан Хөгжлийг дэмжих санг байгуулж уг асуудлыг шийдвэрлэсэн.

 

Хамтын ажиллагааны гэрээний товч агуулга

 

Үндсэн нөхцөлүүд:

 

Талууд: Өмнөговь аймаг, ОТ төслийн түншлэгч сумд (Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сум), “Оюу толгой” компани (ОТ)
Гэрээний хугацаа: ОТ-н ашиглалтын лицензийн хугацаа дуусах хүртэл буюу 2033 он (сунгагдах боломжтой)

 

Хамтран ажиллах үндсэн чиглэлүүд/Сэдэвчилсэн хавсралтууд:

 

Усны менежмент
Байгаль орчны хяналт, хамгаалалт
Үндэсний түүх, соёл, аялал жуулчлал
Уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежмент
Нийгмийн суурь үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт, ажил эрхлэлт)
Орон нутгийн бизнесийн хөгжил, бараа үйлчилгээ худалдан авалт
Нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж болон хөрөнгө оруулалтын төслүүд

 

Гэрээг хэрэгжүүлэх бүтэц 

 

Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан ( ГО ХДС): Гэрээний хүрээнд Өмнөговь аймагт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг хариуцан хэрэгжүүлэх бие даасан хуулийн этгээд буюу ТББ байгуулага

 

Итгэмжлэгдсэн зөвлөх (ИЗ): Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд  ИЗ орох бөгөөд  үйл ажиллагааны ил тод байдал, дүрэм, журманд нийцэж буй эсэхийг хянах үүрэг бүхий хөндлөнгийн хараат бус этгээд байна. Гэрээний хэрэгжилтэнд итгэмжлэгдсэн зөвлөх оруулж ирж өөрсдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн ил тод дүгнэлт гаргуулж ажиллаж байгаа нь Монгол улсын хувьд шинэлэг зүйл болсон.  

 

Харилцааны хороо: Гэрээний хүрээнд Өмнөговь аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоог хангах, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ОТ болон орон нутгийн төлөөллөөс бүрдсэн Харилцааны хороо байгуулсан. Энэхүү Харилцааны хороо нь санхүүжилт хүссэн төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх, сангийн Удирдах зөвлөлд зөвлөгөө өгөх үүрэгтэй бөгөөд нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээс орон нутгаас 9 ОТ оос 4 хүний төлөөлөлтэй.

 

ХДС-ийн Удирдах зөвлөл: Удирдах зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. Түүний 4 нь ОТ компанийг, 3 нь Өмнөговь аймгийг төлөөлдөг бөгөөд ХДС-д Ирүүлэх саналуудыг хүлээн авах, хянах, батлах эсхүл батлахгүйгээр шийдвэрлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Санхүүжилт: ОТ нь жил бүр 5 сая долларын санхүүжилтийг ГО ХДС-д оруулна.


Аудит: Жилд >1-2 удаа хөндлөнгийн аудит хийгдэнэ.

 

ХАГ-ийн хэрэгжилт ба Говийн Оюу хөгжлийг дэмжих сан

 

ӨГ аймаг  болон ОТ нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-г байгуулан 2015 оны 9-р сарын 25-нд Улсын бүртгэлийн газарт дүрмээ батлуулж бие даасан хараат бус ТББ сан үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болсон.  

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан-”ийн Харилцааны хороо(ХХ)-ны анхны хурал  2015 оны 9 сарын 28-нд болж бүтэц зохион байгуулалт, сангаас санхүүжилт хүссэн эхний төслүүдийн саналыг хэлэлцсэн. Ингэснээр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах Зөвлөлийн хурал 2015 оны 9 сарын 29-нд болж мөн зохион байгуулалтын болон ХХ-ноос ирүүлсэн эхний төслүүдийн саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн түүхтэй (Даланзадгад суманд 2 цэцэрлэгийн барилгыг санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан).

 

Үйл ажиллагааны гол баримт бичгүүд

 

Хамтын ажиллагааны гэрээ
Сангийн дүрэм (Төлөөлөн удирдах зөвлөл)
Харилцааны хорооны үйл ажиллагааны журам
Санхүүжилт олгох журам