11 сар

“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН” ХАРИЛЦААНЫ ХОРОО ХУРАЛДЛАА
Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сум болон “Оюутолгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу талуудын хамтын ажиллагааг дэмжин зохицуулах, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэн эрэмбэлэх зэрэг үүрэг бүхий Харилцааны хороо 2022-11-10 ны өдөр хуралдлаа.
Энэ удаагийн хурлаар “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 2022 оны сүүлийн улиралд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналыг хэлэлцэн дараах төслүүдийг санхүүжүүлэх саналыг дэмжин сангийн Удирдах зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин сайжруулах, багш нарын хичээл заах нөхцөл сайжруулах зорилгоор 230 компьютер нийлүүлэх “Цахим багш” төсөл
Өмнөговь аймгийн “Гурван сайхан” нисэх буудлын аюулгүй ажиллагаанд дэмжлэг үзүүлэн иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилготой “Гал унтраах машин нийлүүлэх” төсөл
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт “ цээжний хөндийн мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх” төсөл зэрэг төслүүдийг шинээр санхүүжүүлэх
Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станцын үнс зайлуулах, агаарын бохирдол бууруулах төсөл болон аялал жуулчлалын цэгүүд, хөдөөгийн зарим сумдын сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж сайжруулах зорилго бүхий “Эко жорлон” төслүүдийн хийх ажилд зарим өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн дэмжлээ.
Мөн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас зорилтод сумдад олгон тухайн сумын иргэд орон нутагтаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл санаачлан сумандаа төсөл хэрэгжүүлэх боломж олгодог квотын санхүүжилтийг сум тус бүрд 20,000 ам.доллартой тэнцэх төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг сангийн Удирдах зөвлөлд уламжлахаар тогтлоо.
“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”