08 сар

“МАЛ УГААЛГА, ХАШАА ХОРООНЫ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ-2020” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Өмнөговь аймгийн ЗДТГ болон Мал эмнэлгийн газартай хамтран Өмнөговь аймгийн “Мал угаалга, хашаа хорооны ариутгал, халдваргүйжүүлэлт” төслийг өнгөрсөн оноос эхлэн хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 2019 онд Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг, хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран Өмнөговь аймгийн бүх бог мал, өвөлжөө бууцыг ариутгах төслийг 800 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд уг төслийг Өмнөговь аймгийн орон нутгийн төсвөөс 850 сая төгрөгөөр санхүүжүүлж, Мал эмнэлгийн газар ерөнхий зохион байгуулагчаар дахин ажиллаж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаа 2020 оны наймдугаар сарын зургааны өдөр Ханхонгор сумын Жаргалант багт зохион байгуулагдлаа.
Төслийн нээлтийн ёслолд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч бөгөөд “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Харилцааны хорооны дарга Х.Батболд, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга П.Одбаяр, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн болон малчдын төлөөлөл, сумдын мал эмнэлгийн эмч, ажилтнууд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр мал угаалга, ариутгал болон мал эмнэлгийн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслийг төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудад гардуулж, үзүүлэх сургалт зохион байгуулав. Үзүүлэх сургалтыг өнгөрсөн жил “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас сум бүрд шинээр байршуулсан мал угаалгын суурин ванн ашиглан зохион байгуулснаараа онцлогтой байлаа.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд “Оюу толгой” компани болон Өмнөговь аймаг хамтран малчин түмэндээ зориулан хэрэгжүүлж буй энэхүү төслийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа нь мал сүргийг эрүүлжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа нь мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаанаас харагдаж байгааг онцлон хэллээ.