06 сар

Манлай сум 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгатай болно.
“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн 124 төсөл, хөтөлбөрүүдийг 45.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь Манлай суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга юм. Сангийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2019 онд Өмнөговь аймагт нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь Манлай суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил юм. “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь Даланзадгад суманд 3, Ханбогд суманд 1 цэцэрлэгийн барилгын ажлыг санхүүжүүлсэн ба Манлай сумын цэцэрлэгийн барилга нь сангаас санхүүжүүлж буй 5 дахь цэцэрлэг юм.
Манлай сумын 15 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын шав тавих ёслол 2019 оны 5 сарын 30-ны өдөр Манлай суманд боллоо. Шав тавих ёслолд Өмнөговь аймгийн ИТХ-ийн дарга Х.Сугир, Манлай сумын засаг дарга Г.Буянхүү, Оюу толгой компанийн Орон нутгийн харилцааны хэлтсийн ерөнхий менежер Ш.Байгалмаа, гүйцэтгэгч Вентана констракшн компаниийн төлөөлөл болон нутгийн иргэд оролцлоо. Манлай сумын цэцэрлэгийн шинэ барилгыг 1,553.7 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн шинэ барилгыг хуваарийн дагуу 2019 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгч ашиглалтанд оруулна. Ингэснээс Манлай сумын хүүхдүүд хичээлийн шинэ жилээ шинэхэн ангидаа эхлүүлэх юм.
Манлай сумын цэцэрлэгийн хуучин барилга 1973 онд баригдаж ашиглалтанд орсон байсан бөгөөд энэхүү төслийн үр дүнд Манлай сум орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангасан зураг төслөөр баригдах шинэ барилгатай болж тус сумын сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 200 гаруй хүүхэд бүрэн хамрагдаж, 15 ажлын байр шинээр бий болох юм. Түүнчлэн гэрээр хүмүүжиж байгаа дээрх 200 хүүхдийн аав, ээж нар үр хүүхэддээ санаа зоволтгүй ажил эрхлэх, өрхийн амьдралаа сайжруулахад дэмжлэг болно.
“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаас өнгөрөгч онуудад Манлай суманд хэрэгжсэн “Шар цав, Хүрдэт агуйн соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулах хөгжүүлэх” хөтөлбөр, “Манлайн музей”, Манлай сумын уурын зуух, Ардын хувьсгалын партизан Дамирангийн Нанзадын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн мэдээлэлзүй болон дизайн технологийн кабинетийг тохижуулах зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн.
Итгэлцэлд суурилсан сайхан ирээдүйг Өмнөговьт бид хамтдаа бүтээнэ.