03 сар

"Соёл урлаг-тогтвортой хөгжил" зөвлөгөөнийг зохион байгуулахад хамтран оролцооо
Аймгийн Засаг даргын захирамжаар 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгон зарласан. Соёлыг дэмжих жилийн ажлууд "Соёл урлаг-тогтвортой хөгжил" аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнөөр эхэллээ. Зөвлөгөөнд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон аймаг сумын удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгчид болон уран бүтээлчид оролцлоо.
"Соёлыг дэмжих жил"-ийн хүрээнд Соёл урлагийн салбар болоод уран бүтээлчдээ дэмжсэн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Соёлыг дэмжих жилийн албан ёсны нээлтийг 3-р сарын 25, 26-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болсон ба энэ үеэр соёлын ажилтны "Соёл урлаг-тогтвортой хөгжил" зөвлөгөөн, "Нар зөвийн эх орон" парад жагсаал, уран бүтээлчдийн шоу тоглолтыг хийлээ.
"Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалттай "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-аас уг үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, "Соёл урлаг-тогтвортой хөгжил" зөвлөгөөнд сангийн мэндчилгээг дэвшүүллээ.
“СОЁЛ УРЛАГ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ХҮРГЭХ МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Өмнөговь аймгийн удирдлагууд, Өмнөговь аймгийн соёл урлагийн салбарын удирдах ажилтнууд, уран бүтээлчид та бүхэнд “Соёл урлаг-тогтвортой хөгжил” сэдэвт Өмнөговь аймгийн соёл урлагийн ажилтны зөвлөгөөнийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.
“Оюу толгой” компанийн алсын хараа нь “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” юм. Өмнөговь аймаг, Ханбогд сум, “Оюу толгой” компанийн 2015 оны 4 дүгээр сарын 22-нд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 15-нд “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг үүсгэн байгуулсан. “Оюутолгой” ХХК тус сангаар дамжуулан Өмнөговь аймгийн иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэхийн төлөө жил бүр 5 сая ам.доллар түүнтэй тэнцэх төгрөгийн санхүүжилт олгож орон нутагт нэн хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар зарцуулж байна.
“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” тус санхүүжилтээр өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймагт 83 төсөл, хөтөлбөрийг 44.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлээд байна. Тэр дундаа соёл урлагийн салбарт нэн шаардлагатай дэд бүтэц барилга байгууламж барих, сайжруулах, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах чиглэлээр 6.7 тэрбум төгрөгөөр 10 орчим төсөл хөтөлбөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, 5.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн Өмнөговь аймгийн музейн барилгыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн өвөрмөц дизайнаар барьж байгаа бөгөөд барилгын ажлыг 2019 онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Манлай, Ханбогд сумын нутагт байрлах үлэг гүрвэлийн 18000 мөр бүхий Шар цавын болон Хүрдэт агуйн соёлын өвийг хамгаалах хөтөлбөр, Манлайн музейн төсөл, Өмнөговь аймгийн түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газар, соёлын өвийн талаар аялал жуулчлалд зориулан баримтат кино бүтээж гадаадын хэд хэдэн хэл дээр орчуулан гаргасан “Аялал жуулчлалын салбарын хөгжил-жуулчдыг татах сургалт, сурталчилгаа хөтөлбөр”, “Үндэсний өв соёл, мэдлэг ухааныг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх сургалт хөтөлбөр” Мандал-овоо суманд хэрэгжсэн “Хөдөөгийн соёл-хөгжлийн түүчээ” хөтөлбөр, Ханбогд сумын соёлын төвд хэрэгжсэн “Зөөлөн сандал мэргэжлийн гэрэлтүүлэг” хөтөлбөр болон аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас санаачилсан “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах” хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн тус салбарын менежер, эрдэмтэн судлаач, уран бүтээлчид та бүхэнтэй хамтран хэрэгжүүлсэндээ баяртай байна.
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь орон нутгийн хамгийн найдвартай санхүүжүүлэгч байсаар ирсэн бөгөөд төсөл хөтөлбөрт зарцуулж буй төгрөг бүрийн үр шимийг нутгийн иргэдэд хүргэхийн төлөө хичээн ажиллаж, батлагдсан төсөл хөтөлбөр тохиролцсон үр дүндээ заавал хүрэх зарчмыг баримтлан ажилладаг.
Та бидний хамтын ажиллагааны үр дүнд орон нутагт маань нэн хэрэгцээтэй нийгэм соёлын бүтээн байгуулалтууд, түр болон байнгын ажлын байрууд бий болж, орон нутгийн хөгжил дэвшил, хүн ардын амьдрал, соёл боловсролын түвшин дээшилж байгаа нь Орон нутгийн удирдлага, зохион байгуулалт, “Оюу толгой” компаниас олгодог санхүүжилтийн найдвартай эх үүсвэр, монгол түмний тэр дундаа говь нутгийн соёлын өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, оюунлаг соёлч залуу хойч үеийг төлөвшүүлэхийн төлөө анхаарч ажиллаж ирсэн Өмнөговь аймгийн соёл урлагийн салбарын үе үеийн ажиллагсад, уран бүтээлчид, соён гэгээрүүлэгчид та бүхний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шим бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаар бид ямагт бахархаж талархдаг билээ.
“Соёл урлаг-тогтвортой хөгжил” соёл урлагийн ажилтны зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
Итгэлцэлд суурилсан сайхан ирээдүйг Өмнөговьд бид хамтаа бүтээнэ.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”