12 сар
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “МАЛЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨН-2017” БОЛЛОО
Өмнөговь аймгийн “Малчдын зөвлөлгөөн-2017” Даланзадгад хотноо амжилттай болж өндөрлөлөө. Өмнөговь аймгийн сум бүрээс малчин түмнээ төлөөлөн ирсэн 300 гаруй малчин оролцсон уг зөвлөлгөөн, сургалт хоёр өдөр үргэлжлэв. Эхний өдөр малчдад зориулсан төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, ноос, ноолуур угааж боловсруулах үйлдвэр-малчдын хамтын ажиллагаа, бэлчээрийн төлөв байдал, малчдын эрүүл мэндийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, малчдын хүүхдийн боловсрол, залуу малчдын гарааны бизнес эрхлэх боломж зэрэг олон сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалт, салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдэд үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл, салбарын яамд болон аймгийн ЗДТГ, түүний харьяа хэлтэс агентлагууд, ШУТИС зэрэг их, дээд сургууль, сургалт судалгааны байгууллагуудын багш, судлаачид оролцож, сонирхолтой сэдвээр илтгэл мэдээлэл танилцуулсан нь говь нутгийн хөдөлмөрч малчдад урам зориг нэмсэн сайхан үйл явдал боллоо.
Хоёр дахь өдөр малчдын зөвлөлгөөн болж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Стивен Жонс, Орон нутгийн харилцааны Ерөнхий менежер Ш.Байгалмаа нар оролцож, малчин түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.
Өмнөговь аймгийн эдийн засгийн тулгуур салбаруудын нэг мал аж ахуйн үйлдвэрлэлийг монгол түмнийхээ соёл, ёс заншил, өв уламжлалтай нь хамтад авч яваа их говийн зоригт малчдын зөвлөлгөөнийг Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХААГ-аас ийнхүү амжилттай зохион байгуулав. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” энэхүү зөвлөлгөөнийг 10 сая төгрөгөөр ивээн тэтгэв.
ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН