12 сар
“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн Удирдах зөвлөлийн 2017 оны отгон хурал Даланзадгад хотноо болж холбогдох шийдвэрүүд гаргалаа. Энэ удаагийн хурлаар 2017 оны үлдсэн санхүүжилтэд багтаан дараах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
- Даланзадгадын улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийг түшиглэн 100 хүүхдийн цэцэрлэг барих
- Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Шаравын нэрэмжит Бүсийн эмчилгээ, оношилгооны төвд мэс заслын зэрэг 34 төрлийн 41 багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх
- Ханбогд суманд сангаас санхүүжүүлэн барьж буй уурын зууханд нөөцийн 1.8 МВ чадлын халаалтын зуух нэмж суурилуулах эдгээр гурван төсөл хөтөлбөрийг эхний ээлжинд 969 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
Эдгээр төслийг тодруулбал Бүсийн эмчилгээ, оношилгооны төв нь говийн бүс нутагт үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага учир тус төвд оруулж буй хөрөнгө оруулалтын үр шимийг Өмнөговьчууд төдийгүй говийн бүсийн бусад аймгийн иргэд хүртэх бололцоотой бол цэцэрлэгийн барилгын үлдэгдэл санхүүжилтийг сангийн 2018 оны төсвөөс нэмж батлах юм.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явцад үүссэн хэмнэлтийг сангийн санхүүжилтийн журмын дагуу дараагийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд дахин хуваарилан зарцуулдаг тул 2017 онд 37 төсөл хөтөлбөрийг 14.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ удаагийн хурал нь сангийн Удирдах зөвлөл болон Өмнөговь аймаг-“Оюу толгой” компанийн харилцаа хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Харилцааны хороо хамтран хуралдаж улиран одож буй оны ажлаа дүгнэж, удахгүй золгох 2018 оны хамтран ажиллах чиглэлээ тохиролцсоноороо онцлог боллоо.
Ийнхүү Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу үүсгэн байгуулсан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу толгой” компаниас олгодог сайн дурын санхүүжилтээр 2015 оны есдүгээр сараас өнөөг хүртэл нийт 65 төсөл хөтөлбөрийг 26.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын төлөө үнэтэй хувь нэмэр оруулж “Өмнөговьчуудын сайн сайхан амьдралыг дэмжсэн хамтын хөгжлийн санаачилгыг санхүүжүүлэгч сан байна” гэсэн эрхэм зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж байна.
Даланзадгад суманд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр барих 100 хүүхдийн цэцэрлэг
ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН