11 сар
ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий ТББ юм. Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу толгой” компаниас жил бүр олгодог сайн дурын санхүүжилтээр Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжих, иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн, олон нийтийн оролцоонд тулгуурласан олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
2015 оны есдүгээр сард “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулснаас хойш өнөөг хүртэл тус сангийн Удирдах зөвлөлөөс 62 төсөл хөтөлбөрийг 25 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чиглэсэн, аймгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн төсөл хөтөлбөрүүд ээлж дараалан амжилттай хэрэгжиж байна.
Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн спорт заал, сумын хүн эмнэлгийн барилга, сум дундын малын эрүүл мэндийн төв, сургууль цэцэрлэгийн иж бүрэн цогцолбор зэрэг дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтын төслүүд, мөн иргэд, төрийн бус байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын санаачилсан хөгжлийн олон хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэд байгууллагуудаас олон тооны төслийн санал хүлээн авч, гурван үе шатны шалгуур үзүүлэлтээр шалгаруулан санхүүжүүлж ирсэн нь сонирхсон иргэд, байгууллагуудад чөлөөтэй боломж олгосон сайн талтай ч төсөл хөтөлбөрүүдийн санаа давхцах, тогтвортой бус байх зэрэг бэрхшээл сорилт тулгарч байна. Тиймээс цаашид төслийг санхүүжүүлэх механизмыг өөрчлөх шаардлага тулгарч байна.
Хамтын ажиллагааны сэдэвчилсэн хавсралт буюу эдийн засаг, нийгмийн гол салбар тус бүрт урт хугацаанд тогтвортой хэрэгжих, Өмнөговь аймгийн тухайн салбарт иргэдэд илүү хэрэгцээтэй байгаа асуудлыг тодорхойлох зорилгоор олон талт цуврал хэлэлцүүлгийг IRIM буюу Хараат бус судалгааны хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгуулж дууслаа. 2017 оны зургадугаар сараас эхлэн
- Орон нутгийн жижиг, дунд бизнесийн хөгжил
- ХАА-н салбарын өмнө тулгамдсан асуудал: Хамтын чармайлтын ерөнхий чиглэл
- Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх боломж
- Байгаль орчин, усны менежмент чиглэлээр цуврал хэлэлцүүлгийг ээлж дараалан зохион байгуулсан бол 2017 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Өмнөговь аймгийн түүх соёл, аялал жуулчлал”, “Боловсрол, мэргэжлийн сургалт ба хөдөлмөр эрхлэлт” сэдвээр олон талт хэлэлцүүлгийг Даланзадгад хотноо амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг тус бүрт тухайн салбарын онцлогоос хамаарч иргэд, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, дунд сургуулийн сурагчид, тухайн салбарын мэргэжилтэн ажилтан ажиллагсад, төр захиргааны байгууллагын удирдлага, салбарын яамдын төлөөлөл, Монголд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын системийн болон бусад олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг олон талууд идэвхтэй оролцсон хэлэлцүүлгүүд боллоо.
“Говийн оюу хөгжлийн дэмжих сан”-гийн захиалгаар IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачдын баг оролцооны арга зүйн дагуу хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос тодорхойлон гаргаж ирсэн тулгамдсан асуудал дээр үндэслэн “Говийн оюу хөгжлийн дэмжих сан”-гаас тухайн салбарт дунд хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийн чиглэлийг боловсруулан гаргах юм.