11 сар
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий ТББ юм.
Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу толгой” компаниас олгодог сайн дурын санхүүжилтээр Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүн ардын сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурласан олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Сангийн эрхэм зорилго, санхүүжилтийн журмын нэн тэргүүний зорилтын нэг нь нийгмийн зорилтот бүлэг болох эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд залууст чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн дэмжихээс гадна тэдэнд шаардлагатай үйл ажиллагааг ивээн тэтгэж хамтран ажиллах явдал байдаг.
Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага үүссэний 20 жилийн ойд зориулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, соёл урлагийн нэгдсэн тоглолт “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр амжилттай болж өндөрлөв.
Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос зохион байгуулсан чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 1800 иргэний асран хамгаалагчдын идэвхийг сэргээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорилготой, санаачилгатай амьдрах, нийгмийн идэвхтэй гишүүн байхад дэмжлэг үзүүлэх зорилгын дор амжилттай зохион байгуулсан байна.
Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан Өмнөговь аймгийн эмэгтэйчүүдийн VI нэгдсэн чуулганы үеэр эмэгтэйчүүдийн эерэг хандлагыг бий болгох, хувь хүний хөгжлийг дээшлүүлж, өөртөө эерэг өөрчлөлт хийж, амьдралаа аз жаргалтай удирдахад чиглэсэн сургалт семинар зохион байгуулж, эмэгтэйчүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зэргээр тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн чухал үйл явдал боллоо.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” дээрх хоёр чуулга уулзалтыг тус бүр 10 сая төгрөгөөр санхүүжүүлэн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалтад Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” говь нутгийнхаа гэрэл гэгээ, хүсэл тэмүүллийн тод жишээ болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна.
ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН