10 сар
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТ ГАЗАР “ШАР ЦАВ”-ЫГ САНХҮҮЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас санхүүжүүлэн хэрэгжүүлсэн үлэг гүрвэлийн мөрт газар “Шар цав”-ын палеонтологийн олдворт газрыг аялал жуулчлалтай хослуулан хамгаалах төслийн нээлт энэ сарын 22-нд боллоо. Нээлтийн ёслолд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, “Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн харилцааны Ерөнхий менежер Ш.Байгалмаа, Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал доктор Х.Цогтбаатар, БСШУЯ, БОАЖЯ-н асуудал хариуцсан мэргэжилтэнүүд зэрэг албаны болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, Монголын аялал жуулчлалын тэргүүлэх компанийн удирдлага, нутгийн иргэд оролцлоо.
“...Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн Дорнын их найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” алдарт найраглалд шүлэглэсэнчлэн Монгол орон, тэр дундаа говь нутаг үлэг гүрвэлийн эртний олдвороор баялаг бөгөөд алдартай билээ.
Палеонтологийн шинжлэх ухаанд оруулж, Монголын нэрийг дуурсгасан олон олдвор нээлт, энэ салбарын эрдэмтдийн бүтээл туурвилаараа алдартай. Монголын нэрийг дуурсгадаг энэ онцлог нь Монголын их говийг зорих жуулчдын сэтгэлийг соронздон татаж, эртний үлэг гүрвэлийн өлгий, түүх болсон говь нутгийг зорих нэгэн шалтгаан болдог.
Өмнөговь аймаг нь уламжлалт хөдөө аж ахуй, сүүлийн үед аймгийн төдийгүй улс орны эдийн засагт чухал тулгуур болсон уул уурхайгаас гадна аялал жуулчлалын салбарын үзүүлэлтээрээ улсдаа томоохон байр суурийг эзэлдэг. Эдийн засгийн тулгын гурван чулууны нэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” багагүй хувь нэмэр оруулж, олон төсөл хөтөлбөрийг дэмжин санхүүжүүлж байна.
Тэдгээрийн нэг нь энэхүү үлэг гүрвэлийн мөрт газар Шар цав, цайны замын түүхийг өгүүлэх Хүрдэт агуйн соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх төсөл юм. Уг төслийг аймгийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэн санаачлан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” санхүүжүүлэн хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын нутгийн заагт орших эдүгээс 90 орчим сая жилийн тэртээ амьдарч байсан 4-5 төрлийн үлэг гүрвэлийн 18000 орчим мөрийг хадгалсан, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газарт хадгалалт хамгаалалт хийж, жуулчдад үзүүлэх аяллын шинэ маршрут бий болгох ажил хийж байгаа юм.
Монгол-Японы хамтарсан экспедиц 1996 онд анх нээсэн энэ мөрт газар төслийн хүрээнд Палеонтологийн хүрээлэн, Монголын палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг гүйцэтгэгчээр ажиллахдаа үлэг гүрвэлийн мөрийг бэхжүүлэн мөр бүхий газар хамгаалах хорго, сүүдрэвч, музейн барилга барьж, гол олдвор бүхий газарт хүний мөр хүрэхээргүй газраас хөндий шат, явган хүний зам барьж тохижууллаа.
Үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас нь хадгалагдан үлдсэн байгалийн бүтээл нь эрт галавын амьтадын сүргийн бүтэц, тоо толгой, хэмжээ, авир араншин, хөдөлгөөн зэрэг чулуужсан ясан дээр тогтоох боломжгүй олон чухал мэдээллийг агуулж байдаг энэ гайхамшигт олвор энэ төслийн хүрээнд хамгаалагдан цаашдаа аялал жуулчлалын нэгэн шинэ маршрут болох шанг ийнхүү татаж, төслийн эхний шатанд хийсэн бүтээн байгуулалтыг нээлээ.