09 сар
“ГОВИЙН ОЮУ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД ТЭТГЭЛГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН “ГОВИЙН ОЮУ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД ТЭТГЭЛГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь “Оюу толгой” ХХК, Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу байгуулагдсан, уг гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн бус байгууллага юм.
Сан нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж “Оюу толгой” ХХК-иас олгодог сайн дурын санхүүгийн дэмжлэгийг захиран зарцуулах бөгөөд уг санхүүжүүжилтээр Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх замаар Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Төрийн бус байгууллага юм.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас 47 төсөл, хөтөлбөрийг 22 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээс 15 төсөл, хөтөлбөр буюу 11.5 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулаад байна. Мөн “Говийн оюу-оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг сангийнхаа “Өмнөговийн ирээдүй хойч үеийн төлөө” дэд сангаас санхүүжүүлэн хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
“Оюутолгой” ХХК аас Өмнөговийн оюутнуудад зориулан “Говь тэтгэлэг” нэрээр зарлаж олон арван оюутнуудад тэтгэлэг олгож байсан хөтөлбөрийн үргэлжлэл болж хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрт Өмнөговь аймгаас дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад Өмнөговь аймагт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутнууд хамрагдаж, шалгарсан оюутнуудын хичээлийн жилийн сургалтын төлбөр, орон нутагтаа ирж, очих унааны зардлыг тэтгэлгээр олгож байгаа юм.
2017-2018 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах ёслолд Сангийн удирдах зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Харилцааны хорооны дарга, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Удирдах зөвлөлийн гишүүн, “Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер Ш.Байгалмаа, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Баянмөнх, тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулах хорооны гишүүд, тус аймагт боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ахмад багш нарын холбоо, “Говийн оюуны хөтөч” зэрэг ТББ-ын төлөөлөл болон оюутнууд оролцлоо. Өмнөговь аймагт дутагдалтай байгаа мэргэжлээр суралцаж буй 40 оюутан шинээр, 2016-2017 оны хичээлийн жилд амжилттай суралцаж тэтгэлгийн гэрээгээ сунгасан 17 оюутан, нийт 57 оюутан тэтгэлэгт хамрагдахаар батламжаа гардлаа.